Thursday, September 4, 2008

Номтой танилцсан нь

Яг хэдийд ном уншиж эхэлснээ үнэхээр санахгүй юм. 1-р ангид элсэж ороод цагаан толгойн үсгүүдээ мэддэг болсноос эхлээд л унших бигийн номоо уншсан байх даа. Харин нээрээ би 1-р ангийнхаа хамгийн хурдан уншигч байсан юм шүү. Ангийн багш хичээлийн дараа уншиж чадахгүй хүүхдүүдийг үлдээгээд заавал уншлага хийлгэж дараа нь 1 минутанд хэдэн үг уншиж байгаагаар нь нэг нэгээр нь ээж аавд нь өгч гэр лүү нь явуулдаг байсан. Би хамгийн түрүүнд гэхгүй ч эхний 5-д лав явдаг байсан шүү. Аав ирж авна. Аавын хажууд уншуулаад л минутанд 60 үг байсан байх аа, уншаад л явдаг байсан. Дараа нь 4-р ангид байсан үе байх даа. Тэр үед чинь уншсан номын хөтлөлт билүү товчлол ч билүү заавал хөтөлдөг байсан. Өдөр хичээлээсээ тарж ирээд цайгаа уухдаа л өмнөө ном тавиад уншдаг, аав минь төрийн хэвлэл захиална, түүнийгээ бас аваад өдөржин л сонин, ном уншиж өнждөг байлаа. Хичээлээ унтахаасаа өмнө л хальт хийнэ дээ. Одоо нээрээ тэр үеэ бодоход их сайхан байна. Манай орцны яг хажуугийн орцны 1 давхарт шуудангийн салбар ажилладаг, түүгээрээ заавал дайрч ороод сонин, сэтгүүлээ авдаг, тэгээд л уншиж гарна. Ямар сонин билээ дээ, нэг сонины хамгийн арын нүүрийн доод өнцөгт нь "Мэдлэгт дусал нэмэр" гэсэн гарчигтай ертөнцийн сонин хачны тухай мэдээлэл гардаг байсан. Одоо бол элбэг мэдээллийн нэг болсон шүү дээ. Түүнийг хайчлаад том зургийн дэвтэр дээр нааж хадгалдаг, байнга түүнийгээ арвижуулж байлаа. Одоо нөгөөх маань нүүж суугаад хаа одсон юм бүү мэд болсон доо. Тэр үед Бидсрупын (буруу бичсэн байж болно) шог зургийн ном, Дээвэр дээр суудаг Карлсон гээд хүүхдийн их гоё ном, мөн Монте Кристо гүн 1, 2, 3 дэвтэр номуудыг ээлжлэн уншдаг, шог зургийн номыг бол дахин дахин үзээд л уйднаа гэж байхгүй. Одоо энэ ном, бас Карлсоны тэр ном бүр үзэгдэхээ байж. Тааралдвал авна гээд энэ тэрүүгээр орохдоо харж явах. Манай ах их номын хүн байсан, ах л ном унш гээд авч өгнө. Хэвтэж ном уншихаар хараа чинь муудна, босож унш гээд л аав үглэнэ, би за гээд л жоохон байж байгаад буцаад хэвтчихнэ. Тэр нь амар байгаа юм чинь . Ах бас адилхоон. Хэвтэж л уншина. Тэгж байгаад унтчихна, сэрээд эргээд уншина. Аавдаа аашлуулаад л, эртхэн унтахгүй л гэж тэр. Тэгээд гэрлээ унтраачихаад лаа асааж байгаад л уншиж гарна. Нойр хүрэхээр уур хүрнэ, номоо уншмаар байдаг. Нэг мэдэхэд унтчихна. Лаа асаж дуусаад унтарчихдаг л байсан байх даа, өглөө босоход дуусчихсан байдаг байсан. Тэр үеийн хүүхдүүд бүгд ном уншдаг байсан шүү. Харин номын тэмдэглэлийг бол ёстой хөтөлдөггүй байсан. Яагаад юм бүү мэд. Би ер нь уншсан номынхоо утга агуулгыг ярихдаа их муу хүүхэд байсан. Дотроо бол ойлгоод, өөрөө өөртөө бол яриад байдаг. Гадагшаа гаргаж ярихдаа их муу, нэг удаа ярих гэж баахан юу ч юм ярьсан юм уу найзууд маань шоолоод, түүнээс хойш бараг ярихаа больсон. Одоо ч бас тийм шүү. Сайн бодож тунгааж байгаад ярьвал ярьчих л юм байна лээ. Гэхдээ л яршигтай санагдаад байдаг юм. Одоо бол номыг бараг уншихгүй болж. Интернет, сонин, сэтгүүл бас бус зүйлүүд зөндөө л юм гараад ирэхээр өнөө үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэж хичээж л явна. Нэг ёсны залхуу зан юм уу, эсвэл хэт их мэдээллийн дунд байгаа болохоор бүр юу ч уншмааргүй санагдаад байгаа юм уу, Ямар ч байсан ном уншихаа байсан байна лээ.

Wednesday, September 3, 2008

Хүүхэд нас

Миний хүүхэд нас Төмөр замын нэгэн тосгонд эрхэлж, тоглож өссөн дөө. Гэхдээ би том хүн шиг гэрээ сахиад үлддэг байлаа. Дээрээ нэг ахтай. Ах маань надаас 10 гаруй насаар ах. Цэцэрлэгтээ явах, цэцэрлэгээс авахад ах маань л авдаг. Ахын маань сургууль яг манай цэцэрлэгийн хажууд. Би нохойноос их айдаг хүүхэд байж. Байнга л ахынхаа хүзүүн дээр сууж явна. Тэгэхгүй л бол би явахгүй. Уйлаад, орилоод суучихдаг хүүхэд байж билээ. Их эрх өссөн. Манайх Хүрхрээгийн зусланд гардаг байлаа. Тэгээд гэртээ байнга ганцаараа үлддэг байсан болохоор хааяа өлсдөг ч байсан юм уу, хонины хорголыг мэдэхгүй үрлэн бор чихэр байна гээд л идэх гэж их оролддог байж билээ. Гэхдээ идэхгүй ээ. Гашуун амттай. Аав, ээж хоёр минь хоёулаа төмөр замын ууган ажилчид. Тэр үеийн хүмүүс чинь ажилдаа няхуур, хариуцлагатай ханддаг байсан шүү дээ. Тэгээд л орой ажил тарах болохоор вагоны зам ширтээд л суучихдаг, ээж аавыгаа их санадаг, цэцэрлэгт явах дургүй, уйлчихдаг хүүхэд байж билээ. Тэгсээр байгаад гэрээ сахьдаг ажилтай болсон доо. Ах маань 9-р анги. Би гэртээ. Тэгээд ахыгаа ирэнгүүт гадаа гарна. Нохойноос айгаад ганцаараа явахгүй. Ахыгаа бие засахад нь хүртэл буухгүй гэж уйлаад, бие засаад дуусан дуустал орилчихдог хүүхэд байж. Гэтэл нэг өдөр ээжийн минь бие нь муудаад эмнэлэгт их удаан хэвтсээн. Нэг удаагийн эргэж очсоныгоо л санадаг юм. Аавтайгаа хамт очоод цонхоор нь л харсан. Яг хажууд нь тулж уулзаагүй. Орж болохгүй л гэсэн. Тэгээд л тэр өдрөөс хойш ээжийгээ хараагүй. Ээж минь ходоодныхоо шархнаас болоод нас барсныг хожим мэдсэн л дээ. Тэр үед бага байсан болохоор юмны учир мэдэхгүй, уйлаад л, эрх танхи байсныг ч хэлэх үү, хүмүүс намайг аргадах гэж аргаа барж байсан гэж ярьдаг юм. Ээж минь намайг их эрхлүүлдэг, үсийг минь урт ургуулна гээд л шүлсээрээ байнга л норгодог, хүүхэд их эрхлүүлдэг, хайлган сэтгэлтэй, уян хүн байсан гэж аав минь ярьж өгсөн юм. Би одоо зөвхөн ээжийнхээ царайг л бүүр түүр санадаг юм. Зургийг нь хараад л ийм хүн байсан даа гэж бодох. Тэр үеэс хойш би хэрсүү болсон болов уу гэж боддог юм. Минийхээр л дээ. Түүнээс миний эрх зан тавигдаагүй л дээ. Аав минь намайг их өрөвдөж, эрхлүүлнэ. Тэгээд би нохойноос ч айхаа больж, ахынхаа хүзүүн дээр мордож, уйлахаа больсон. Жилийн дараа би 1-р ангид орж, гэрээ жинхэнэ ёсоор сахьлаа даа. Аав цаг наргүй ажилтай, хичээлдээ явахдаа аавынхаа ажил дээр очиж үсээ самнуулдаг. Харин ч аав миний үсийг эмэгтэй хүнээс дутахгүй самначихдаг болсон. Угийн тийм авъяастай байсан юм уу, эсвэл амьдралын шаардлагаар сурсан юм уу, аль нь бүү мэд. Ямар ч байсан миний үсийг гөлчийтэл сайхан самнаад 2 салаа гэзэгтэй, цагаан, улаан лент зүүсэн ямар ч байсан ээжгүй гэж хэлүүлэхээргүйгээр л явдаг байлаа. Аав, ах хоёрынхоо хайран дунд өсөж том болсон доо. Гадаа гарч тоглох дургүй, гэртээ л байх дуртай байж билээ. Ах маань 10-р ангиа онц төгсөөд, их сургуульд урилгаар орж суралцсан, их сургуулийн завгүй, мундаг том ахтай болсон.
Миний сэтгэлд хамгийн тодоор үлдсэн хүүхэд нас минь иймэрхүү л өнгөрсөн дөө. Одоо миний хажууд аль аль нь байхгүй, өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлсээр явна даа.

Tuesday, July 15, 2008

Лхамаа бороонд....


Лхамаа бороонд ....